Түүхэн товчоо

Монгол улсад шинээр бүтээгдсэн бүхэн, үе үеийнхний хөдөлмөр зүтгэл, нэр төртэй холбогдож, хүүхэд залуучуудынхаа ирээдүйн сайн сайхны төлөө чиглэж ирснийг бид өөрсдийн туулсан амьдрал , түүхээсээ сайн мэддэг юм.

Залуучуудын хувьд гэвэл анхны ордонг  Монголын залуучуудын санаачилгаар 1950-иад оны сүүлээр байгуулсан нь өнөөдрийн Улсын ардын дуу бүжгийн чуулгын болон Драмын эрдмийн академик театрын барилга , хоёр дахь Залуучуудын Соёлын төв буюу өнөөгийн Нийслэлийн хүүхэд залуучуудын ордон юм.

Харин хүүхдүүдийн хувьд гэвэл 1950-иад оны эцсээр Монголын пионер сурагчдын анхны ордон өнөөгийн Хүүхдийн урлан ордонг дээрх Залуучуудын соёлын төвтэй хамт 1980-иад оны дунд үеэр буюу 1982-оны 4-р сарын 30-нд суурийг нь тавьж ашиглалтанд өгсөн билээ.

Энэ гавьяат үйлсийн эзэд нь тэр үеийн МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Түдэв, Хүүхдийн төлөө фондын төв комиссын дарга А.И Цэдэнбал Филатова нар байлаа.

Ийнхүү Нийслэлийн Залуучуудын Соёлын төвийн барилгын зураг төсвийг зөвлөлтийн мэргэжилтний группын тусламжтайгаар барилгын зургийн улсын институтын ХЗЭ-ийн байгууллага , Нийслэлийн үйлдвэр аж ахуйн газруудын ХЗЭ-ийн гишүүд , залуучуудын дунд “ Өндөр бүтээлийн аян” зарлаж, амралт, баяр ёслолын өдрүүдэд илүү цагаар ажиллуулж, олсон орлогоороо клуб барих хөрөнгө хуримтлуулах , Орос Монголын барилгын трестүүд болон барилгачин залуучуудын дунд гавшгай хөдөлмөрийн аян зохион байгуулж барилгын материал үйлдвэрлэж , соёлын төвийн барилгад нийлүүлэх , барилгын цэрэг дайчдыг амралт чөлөөт цагаар нь Соёлын төвийн барилга дээр ажиллуулах зэрэг залуучуудын хүчээр хийж гүйцэтгэхээр Улс төрийн тогтоол гарч Хөнгөн хүнсний үйлдвэрийн залуучуудын гавшгай хөдөлмөрийн үр дүн болсон 4 сая төгрөгийг шилжүүлснээр Соёлын төвийн суурь тавигдаж энэ ёслолд тухайн үеийн төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Жалан-Аажав, Л.Түдэв, Хүүхдийн төлөө фондын төв комиссын дарга  А.И.Цэдэнбал-Флатова нар оролцсон юм.

Ийнхүү Залуучуудын Соёлын Төвийг барьж байгуулах нөр их ажлын ачааллыг төр засаг болон МХЗЭ-ийн Төв Хороо, Хүүхдийн төлөө фондын өдөр тутмын тусламж , дэмжлэгтэйгээр Барилгын цэргийн 022, 158-р ангийн барилгачин дайчид, Зөвлөлтийн хорь гаруй мэргэжилтэн, ашиглалтын өмнөх захиргааны арав орчим ажилтан нуруундаа үүрч гарсан юм. Манай ашиглалтын өмнөх захиргаанд болон Залуучуудын Соёлын төвд Ленинградын залуучуудын ордны даргаар ажиллаж байсан В.Д Молотов зөвлөхөөр уригдан ажиллаж, Ж.Долгорсүрэн, Д.Шүүдээ, С.Надмид, Дү.Мягмарсүрэн, С.Баатарсүх, Б.Төмөрхүү, У.Зоригтбаатар, М.Лхан-Аажав, Д.Балдансүрэн, Н.Майдар, Ү.Дамдинсүрэн, П.Оролмаа, Д.Намсан, А.Пүрэвсүрэн, Ц.Цэрэндаваа, Л.Энхсайхан, Д.Өлзий, Д.Азжаргал, Ц.Цэрэнчимэд, Н.Төмөрхаан, Ж.Баасан нарын зэрэг таргүүний сэхээтэн мэргэжилтэн, инженер- техникийн ажилтан, төрөл бүрийн уран бүтээлчид, авьяаслаг залуучууд, мэргэжлийн ажилчдыг соёлын төвийн хэлтэс, уран бүтээлийн нэгдэл, клубуудын дарга, эрхлэгч болон бусад шаардлагатай албан тушаалд анхны захирлын тушаал гарган томилон ажиллуулсан бөгөөд , эдгээр өндөр боловсрол, мэргэжилтэй залуучуудын хүчээр Хүүхэд Залуучуудын усан бассейн , Залуучуудын Соёлын төвийн барилгын ашиглалтын бүх бэлтгэл ажлыг хангаж, сандал ширээ тоног төхөөрөмжийг өөрсдөө зөөж байрлуулахаас эхлээд  бүх тохижилтыг өөрсдөө хийж орон тоо зохион байгуулалтыг боловсруулан , Сангийн яам, Хөдөлмөр, Цалин хөлсний улсын хороо, МХЗЭ-ийн төв хороогоор тус тус хянуулан батлуулж , тэнд ажиллах 100 гаруй мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж ажиллуулсан билээ.

Тэд  өөрсдийн сүлд дууг зохиож , бүх байгууллагуудын төлөөлийг оролцуулан , ордныхоо нээлтийг өргөн хүрээнд хийж,  Залуучуудын соёлын төв гэдэг өнөр өтгөн айлын голомтыг бадрааж, түлхүүрийг нь залуучуудад гардуулан өгч , үйл ажиллагааг нь жигдрүүлж, хүүхэд, залуучуудын очих дуртай Соёлын төв болсон юм.

Тус байгууллагын Ашиглалтын өмнөх захиргааны даргаар Л.Цасчихэр, нягтлан бодогч-эдийн засагчаар Г.Оролмаа, бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр Г.Энхтуяа, зохион байгуулагч орчуулагчаар У.Зоригтбаатар, компютер электроникийн техникчээр Өлзийбат, нярав цахилгааны техникчээр Ж.Баасан, сантехникийн инженерээр Х.Төмөрхаан , аж ахуйн даргаар П.Өлзий нар томилагдож, орон тооны 3 ажилтнаас М.Д.Молотов зөвлөх мэргэжилтнээр ажиллаж байсан.

Залуучуудын Соёлын төв нь нам засгийн удирдагчдын байнгын анхааралд байж гадаад дотоодын зочид ирдэг хүндтэй газар байлаа. 1987 оноос эхлэн Монголын залуучуудын шинэ жилийн төвлөрсөн сүлд модны наадам, түүхэн тэмдэглэлт ойн баяр, төрийн хүндэтгэлийн концерт тоглож, ардчилсан хөдөлгөөний эхлэлийг тавьсан цуглааныг зохион байгуулж түүхэнд үлдээсэн билээ.

   Нийслэлийн Залуучуудын Соёлын төвийн  үе үеийн удирдлагаар :

  • 1985-1987 онуудад Ашиглалтын өмнөх захиргааны дарга бөгөөд ордны дарга Л.Цасчихэр
  • 1988-1990 онд Залуучуудын Соёлын төвийн захирал Р.Дашдондов, орлогч захирлаар Т.Мижиддорж
  • 1990-2000 онд Залуучуудын Соёлын төвийн захирлаар Хамаг Монгол овогт Л.Ганзориг, орлогч дарга Н.Баярсайхан,
  • 2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газрын даргаар Ц.Цогзолмаа
  • 2004-2013 онд Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын даргаар С.Алтанцэцэг
  • 2013 оноос Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргаар Я.Байгалмаа ажиллаж байна.

Тус ордон байгуулагдсанаар олон уран бүтээлчдийн ажлын эхлэл амжилтын гараа болсон. Тухайлбал: Монгол улсын Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан “Чингис хаан” хамтлагаа байгуулж,  Гавьяат жүжигчин Энхманлай “Харанга” хамтлагаа бэлтгэж, алиалагч Гавьяат жүжигчин Батсүх “Шандас” циркээ эхлүүлж, Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Б.Туяа, Б.Батзаяа, нар “Хошин шог”-ийн театраа нээж , “Хурд”, “Никитон” зэрэг хамтлаг бэлтгэл сургуулилтаа хийж, олны хүндэтгэл хүлээгээд байгаа дуучин С.Жавхлан, Т.Баясгалан, Дэлгэрмөрөн, Бат-эрдэнэ зэрэг дуучид оюутан байхдаа энэ тайзан дээрээс анхны уран бүтээлээ үзэгч түмэндээ өргөн барьж байсан түүхтэй.

Тус ордон нь 1987-1991 онд МХЗЭ-ийн Төв хорооны

  • 1991-1994 онд Засгийн газрын дэргэдэх Залуучууд Спортын хорооны
  • 1994-1996 онд Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамны харьяанд тус тус үйл ажиллагаа явуулсан бөгөөд Нийслэлийн хүүхдийн төлөө газар нь монголын пионерийн байгууллагын  суурин дээр 1990-ээд оноос Нийслэлийн хүүхдийн төлөө төв нэртэйгээр, 1997 оны 3-р сарын 16-ны өдрийн НЗД-ын захирамжийн дагуу нийслэлийн хүүхэд залуучууд эмэгтэйчүүдийн газар, 2001 оноос НЗД-ын 18 тоот захирамжаар Хүүхэд залуучуудын ордонтой бүтэц зохион байгуулалтын хувьд нэгдсэн үйл ажиллагаа явуулахаар Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 2004 онд НЗД-ын захирамжаар Нийслэлийн хүүхэд залуучуудын газар, МУЗГ-ын 2008 оны 12-р сарын 24-ны 64 тоот тогтоолоор Нийслэлийн хүүхдийн төлөө газар, 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МУЗГ-ын 32 тоот тогтоолоор Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар болон үйл ажиллагаа явуулж байна.