Нийт 60 оюутанд 91.217.700 төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлгийн батламж гардууллаа

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Ноблийн хүүхдийн сантай хамтран хийж, хэрэгжүүлдэг билээ.
Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь 22 дахь жилдээ хүүхэд, залуучуудыг дэмжих, тэднийг бие болоод сэтгэл зүйн хувьд биеэ даасан амжилттай иргэн болгон төлөвшүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд жил бүр бид хөтөлбөрт хамрагдаж буй 1200 гаруй хүүхдэд цаашид өсөн дэвжих, ахисан түвшинд суралцах боломжийг олгох зорилгоор Боловсролын Тэтгэлэг Олгох Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлээд 18 жил болж байна.
2019-2020 оны хичээлийн жилд сургалтын тэтгэлэг олгох шалгаруулалтыг оюутан залуучуудын суралцах чадвар, сурах идэвх зүтгэл, нийгмийн идэвх санаачилга болон ар гэрийн нөхцөл байдал зэрэг шалгууруудаар хоёр үе шаттай зохион байгуулж нийт 60 хүүхдэд 91.217.700 төгрөгийн (3 хүүхдэд – 30%, 35 хүүхдэд – 50 %, 2 хүүхдэд- 60%, 3 хүүхдэд- 70%, 1 хүүхдэд -80%, 16 хүүхдэд- 100% тэтгэлэг) сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байна.

Тэтгэлгийн батламж гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Нийслэлийн Хангарди ордонд зохион байгуулагдлаа.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар