11-Р САРЫН 01-ЭЭС 05-Р САРЫН 01-НИЙ ХООРОНД ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ ХОРИГЛОЛОО.

Засгийн газрын /2019-01-30/-ний “Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11-р сарын 1-нээс 5-р сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглож байна.
НҮБ -ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО)-ын соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад жил бүрийн 7 дугаар сарын 11,12,13-ны өдөр тэмдэглэдэг “Монголын уламжлалт баяр болох Наадам” 2010 онд бүртгэгдсэн. Гэвч хурдан морины уралдаан нь Монголын түмний төрт ёсны өв соёлын үнэт баяр цэнгээн байх уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй болж, зөвхөн зун биш өвөл, хавар уралдаан зохиож, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлөхүйц байдлаар бооцоотой гэх мэт хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хүнд хэлбэрт шилжээд байна.
2018 онд Засгийн газраас өвлийн улиралд хурдан морины уралдааныг хориглож, хаврын улиралд хурдан морь унах хүүхдийн насны хязгаарыг заасан ч хүүхдийн амь нас эрүүл мэндийг хохироох явдал гарсаар байна. Өнгөрсөн жил нийт 491 уралдаанд 11 мянга гаруй хүүхэд оролцож тэднээс 661 нь мориноос унаж 98 хүүхэд бэртэж гэмтсэн. Хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхэд 2, амиа насаа алдсан тохиолдол нэг гарсан бол 2019 он гарсаар нэг хүүхэд сунгааны үеэр моринд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа нь өвөл, хаврын уралдааныг бүрмөсөн хориглохоос аргагүй байдалд хүргэж байна.
Түүнчлэн Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй (1803-1920 оны) Наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүж үзэхэд тухайн оныхоо 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан ба энэхүү уламжлалаа ч дагаж хүүхдийнхээ аюулгүй байдал, амь насыг хамгаалах шаардлагатай байна.