2018 ОНЫ НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДИЙГ ТОДРУУЛНА

Нэг. Зорилго

Өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг тухайн номинацаар “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр шалгаруулах, олон нийтэд алдаршуулах, үе тэнгийн хүүхэд багачуудад үлгэр дуурайлал үзүүлэхэд оршино.

Хоёр. “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ийг шалгаруулах номинациуд

“Нийслэлийн шилдэг хүүхэд” нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дуурайлал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, тухайн төрөлдөө олон улс, улс, нийслэл, болон дүүргийн уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүд байна.

  1. “Шилдэг тамирчин хүүхэд”
  2. “Шилдэг авьяаслаг хүүхэд”
  3. “Шилдэг бүтээлч хүүхэд”
  4. “Шилдэг оюунлаг хүүхэд”
  5. “Шилдэг манлайлагч хүүхэд”

Гурав. Үйл ажиллагааны зохион байгуулалт

  1. Дүүргийн “Оны шилдэг хүүхэд”-ээр шалгаруулах үйл ажиллагааг Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс зохион байгуулж, Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшүүлнэ.
  2. Дүүргээс шалгарсан Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшигч хүүхдийн материалыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт ирүүлнэ.
  3. Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарсан хүүхдийг шагнах ёслолын арга хэмжээ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 13.00-18:00 цагийн хооронд зохион байгуулна.

Дөрөв. “Нийслэлийн шилдэг хүүхэд” шалгаруулах шалгуур үзүүлэлт

  1. “Шилдэг тамирчин хүүхэд”- спортын өндөр амжилт гаргасан
  • Спортын төрлөөр тогтмол хичээллэж, өөрийгөө хөгжүүлсэн байх
  • Олон улс, улс, нийслэлийн хэмжээний уралдаан тэмцээнүүдэд оролцож, өндөр амжилт гарган цол зэрэг хүртсэн байх
  1. “Шилдэг авьяаслаг хүүхэд”- урлагийн өндөр амжилт гаргасан
  • Урлагийн төрлөөр (тухайлбал, яруу найрагч, дуу, бүжиг, хөгжим гэх мэт) тогтмол хичээллэж, өөрийгөө хөгжүүлсэн байх
  • Олон улс, улс, нийслэлийн хэмжээний уралдаан тэмцээнүүдэд оролцож, өндөр амжилт гаргасан байх
  • Тайлан тоглолт, уран бүтээл (дуу, клип, цомог гэх мэт) хийж олны хүртээл болгосон байх
  1. “Шилдэг бүтээлч хүүхэд”- өөрийн бүтээлээр өндөр амжилт гаргасан
  • Өөрийн авьчас чадвараар (тухайлбал уран зураг, сийлбэр, нэхмэл, хатгамал, оёдол, баримал, хайчилбар, техникийн бүтээл гэх мэт) уран бүтээл туурвиж, өөрийгөө хөгжүүлсэн байх
  • Өөрийн бүтээлээр олон улс, улс, нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан уралдаан тэмцээнд оролцож, өндөр амжилт гаргасан байх
  • Бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, олны хүртээл болгосон байх
  1. “Шилдэг оюунлаг хүүхэд”- сурлага, оюуны өндөр амжилт гаргасан
  • Сурлагын үзүүлэлтээр жил дараалан А үнэлгээтэй суралцсан буюу жил дараалан сурлагын амжилтаа ахиулж амжилт гаргасан байх
  • Олон улс, улс, нийслэлийн хэмжээний олимпиад, уралдаанд амжилт үзүүлсэн байх
  1. “Шилдэг манлайлагч хүүхэд”- үе тэнгийн нөхдөө үлгэрлэн манлайлагч, шинийг санаалагч
  • Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, оролцооны байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож, бусдыг үлгэрлэн дагуулагч, өөрийн хувь нэмрээр сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэгч байх
  • Олон улс, улсын чанартай хүүхдийн хурал цуглаан, чуулга уулзалтанд оролцож, хүүхэд багачуудын дуу хоолойг төр засаг, олон нийтэд хүргэхэд үүрэг гүйцэтгэсэн төлөөлөгч байх

Тав. “Нийслэлийн шилдэг хүүхэд” шалгаруулах үе шат

  1. Дүүрэг бүр тухайн 5 номинацаар шилдэг хүүхдээ шалгаруулна. Тухайн дүүрэгтээ шалгаруулахдаа хүүхдийг анги хамт олон, сургуулийн сурагчдын санал асуулгын дүнг үндэслэн тодруулж, сургуулийн захиргаа болон сурагчдын өөрөө удирдлагын байгууллагын хурлын тэмдэглэлийг үндэслэн баталгаажуулсан байна.
  2. Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь номинаци тус бүрээр 1 хүүхдийг шалгаруулж, 5 номинацаар шалгарсан дүүргийн шилдэг 5 хүүхдийг шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулна.
  3. Дүүрэг бүр номинаци тус бүрээс нэг хүүхдийг шалгаруулж нийт 5 хүүхдийн материалыг Дүүргийн Засаг Даргын Тамгын газар, Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс тодорхойлж баталгаажуулан албан бичгээр Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт 12 сарын 10-ны дотор ирүүлнэ.
  4. Нийслэлийн шилдэг хүүхэд шалгаруулах комисс нь дүүргээс шалгарсан хүүхдийн материалтай танилцаж, санал дүгнэлтийг Шилдэг хүүхэд шалгаруулах ажлын хэсэгт танилцуулан “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр номинаци тус бүрээр 1 хүүхдийг шалгаруулж, шагнаж урамшуулна.

 Зургаа. Нийслэлийн шилдэг хүүхэд шалгаруулахад бүрдүүлэх материал

  1. Дүүргийн Засаг Даргын Тамгын газар, Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн албан бичиг, тодорхойлолт
  2. Сургуулийн захиргаа болон Хүүхдийн оролцооны байгууллага бусад байгууллагын тодорхойлолт
  3. Шилдэг хүүхдийн анкет /хавсралтаас харна уу/
  4. Дүүргээс шалгарсан хүүхдийн материалыг цаасан болон видео хэлбэрээр бэлтгэсэн байна.

1) Цаасан хэлбэрээр бэлтгэхдээ хүүхдийн шагналын материалыг эх хувиар бус канондсон буюу скайнердсан байдлаар баталгаажуулж, хавсаргасан материалуудын тоо баримтын жагсаалтыг хавсаргана.

2) Видео хэлбэрийн танилцуулга нь 2 минутаас хэтрэхгүй хугацаатай байна.  Үүнд: оролцсон уралдаан тэмцээн, бүтээл, гаргасан амжилт, авсан шагнал урамшууллыг эмх цэгцтэй ойлгомжтой байдлаар хүүхдийн зургийн хамт аман болон текстэн хэлбэрээр харуулсан байна.

Долоо. Анхаарах зүйлс

  • Хугацаа хэтэрсэн материалыг хүлээн авахгүй
  • Нэг номинацад нэг хүүхдийн материалыг шалгаруулж ирүүлэх бөгөөд номинацыг нөхөж ирүүлсэн материалыг хүлээн авахгүй
  • Хүүхдийн материалыг дутуу бүрдүүлсэн, буюу шаардлага хангахгүй материалыг хүлээн авахгүй
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй

Найм. Шагнал

  1. Шалгарсан 5 хүүхдийг “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ийн өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна.
  2. “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр шалгарсан хүүхдүүдийн амжилт, бүтээлийг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, үе тэнгийнхэнд нь үлгэр дууриал болгон алдаршуулна.

Холбоо барих утас: 70118835, 99866314

Шилдэг хүүхдийн анкет