“Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн-2018” зөвлөгөөнөөс гарсан уриалга

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Бидний оролцоо-Бидний хөгжил” уриан дор зохион байгуулж байгаа “Хүүхдийн оролцооны үндэсний зөвлөгөөн”-ий оролцогч 600 төлөөлөгч хүүхдээс гарсан 1800 гаруй саналыг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенц, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн үзэл санаа, зарчимтай уялдуулан боловсруулж, энэхүү “УРИАЛГА”-ыг батлан хүргүүлж байна.

Нэг. Монгол Улсын Ерөнхий Сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний Зөвлөлийн Тэргүүн танаа:

  1. Хүүхдийн эрхийг хангаж, шийдвэр гаргах үйл явцад хүүхдийн оролцоог хангах журам, хүүхдийн оролцоог дэмжих арга зүй, зураглалыг боловсруулж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн баталгаажуулах;
  2. Засаглалын бүх түвшинд хүүхэдтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргахад оролцох, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл явцад хүүхдийн бодит оролцоог дэмжих;
  3. Сургууль бүрт хүүхдийн оролцооны танхим байгуулж, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, клуб, дугуйлангийн үйл ажиллагаа явуулах төсөв хуваарилах;
  4. Хүүхэд, өсвөр үеийнхэнд эцэг эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх, туслах, эх орон байгаль орчноо хайрлан хамгаалах, хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах, амьдрах арга ухааны дадал чадваруудыг эзэмшүүлэх;
  5. Мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгож, цахим орчинд соёлтой харилцах, эрсдлээс урьдчилан сэргийлэх чадавхийг эзэмшүүлж, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах;
  6. Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэл, нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлэх, чанартай контент боловсруулж түгээх;
  7. Гэмт хэрэг зөрчилд холбогдсон, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, ял шийтгэл эдэлж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмших, хөгжих, нийгэмших, оролцох эрхийг хангах бодлогыг хэрэгжүүлж, хүүхдийн оролцоотой хяналт тавих;
  8. Хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжих боломжийг бүрдүүлэхэд анхаарал хандуулж, аймаг, дүүрэг бүрт хүүхдийн хөгжлийн болон спортын ордонуудыг төр хувийн хэвшлийн оролцоотойгоор барьж байгуулах;

Хоёр. Хүүхдийн оролцооны байгууллага, төлөөлөгчид, нийт хүүхэд, эцэг эх, шийдвэр гаргагч нарт СОНОРДУУЛАХ НЬ:

БИДНИЙ МАНЛАЙЛАЛ

Бүх зүйл төгс биш ч гэсэн аливаа нэг зүйлд хүүхэд бүр манлайлагч байж чадна. Биднийг хүлээн зөвшөөрч урам зориг өгч хүүхдийн өөрсдийн санаачлагыг дэмжиж байгаарай.

Сургуулийн дотоод журамд хүүхдийн оролцооны байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, ажиллах тухай зүйл заалт оруулах, нийгмийн харилцаанд идэвх санаачлагатай оролцох, хүүхэд бүхэн эрхтэй;

БИДНИЙ БАЙГАЛЬ ДЭЛХИЙ

Ногоон орчныг бүрдүүлж, эко гэр бүл больё. Нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж, усаа хэмнэж, байгаль орчноо хайрлан хамгаалж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хүүхэд бүр оролцож байя. Хог хаягдлыг боловсруулдаг томоохон үйлдвэртэй болгож өгөөч.

БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНД

Аз жаргалтай ирээдүй эрүүл хүүхдээс эхэлнэ.

Хүүхдүүд бид хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй, чихэрлэг хүнсний хэрэглээгээ багасгаж, шүдээ тогтмол угаацгаая. Эрүүл зөв хооллож, өдөр бүр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийцгээе. Эрүүл амьдралын хэв маягийг бий болгож стресс бухимдлаас өөрсдийгөө хамгаалья.

БИДНИЙ ХАРИЛЦАА

Бидний үзэл бодол, мөрөөдлийг хүндэтгэн сонсож, чөлөөтэй нээлттэй харилцдаг байгаасай. Хүүхдүүд биднийг буруу зүйл хийхэд загнаж буруутгахын оронд бидэнд учир шалтгааныг тайлбарлаж ойлгуулаарай. Эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал хайр халамжаа мэдрүүлж, амьд харилцаагаар харьцдаг байгаасай.

БИДНИЙ СҮЛЖЭЭ

Хүүхэд бид таны тусгал. Бидэнд цахим хэрэглээний зөв үлгэр дуурайлал үзүүлж, бидний нас, сэтгэхүйн онцлогт тохирсон контент, мэдээллийг түгээдэг байгаач. Технологийн хөгжил, сошиал орчин хүүхэд биднийг дэлхий ертөнцтэй холбож танин мэдэхүйн хүрээг тэлдэг тул цахим орчинд найзыгаа хүндэлж соёлтой оролцоцгооё.

БИДНИЙ ЭДИЙН ЗАСАГ

Хүүхэд багачууддаа жаахан гэлтгүй санхүүгийн боловсрол багаас нь олгож байя. Хүүхдийн өөрийн удирдах байгууллагад санхүүгийн дэмжлэг олгодог болмоор байна. Найзуудаа ээж аавынхаа хөдөлмөрлөж олсон мөнгийг зөв зохистой зарцуулж, хуримтлалыг бий болгон хэвшицгээе. Хүүхдүүд бид өрх гэрийнхээ болон сургуулийнхаа төсвийн төлөвлөлтөнд оролцдог баймаар байна.

БИДНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-СЭРГИЙЛЭГЧ ХҮҮ, ЗӨВЛӨГЧ ОХИН

Томчууд та бүхэн биднийг гэрэлт гудамжаар аюулгүй алхах боломжийг минь бий болгож өгнө үү. Харин бид чинь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, тулгамдсан асуудлаа аав ээждээ чөлөөтэй илэрхийлж, та бүхний зөвлөмжийг даган аюулгүй орчинд хамтдаа амьдарцгаая.

БИДНИЙ САЙН ҮЙЛС

Сайн дурын ажлын давуу талуудыг аав ээж, багш нар маань ойлгож дэмждэг байгаасай. Хүүхдүүд бидний нийгмийн сайн сайхны төлөө зориулж санаачлан хийсэн ажлыг үнэлдэг байгаасай.

Улсын сайн нь хүнээсээ

Хүний сайн нь хүүхдээсээ

Харамлаж биш хуваалцаж байя

Зугтаж биш оролцож байя

Бидний сайн үйлс бидний инээмсэглэл

Сайн үйлсийн төлөө гараа сунгацгаая

Бусдад аз жаргалыг түгээцгээе!

БИДНИЙ СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛ

Монголын дархлаа болсон соёл, өвөг дээдсийн минь халуун амь шингэсэн сайхан орныхоо эзэд нь бид атал, эх орныхоо гайхамшгийг эргэцүүлж бид мэдэхгүй байна. Өдөр ирэх тусам мартагдаж буй өв соёлоо судалж үеийн найзууддаа түгээн дэлгэрүүлж хайрлан хамгаалцгаая.

БИДНИЙ ХӨГЖИХ ОРЧИН

Хүүхэд бидний шинэ зүйл сурч мэдэх хүсэл сонирхол авьяас чадвараа хөгжүүлэхэд шаардлагатай анги танхим, барилга байгууламж, шинэ технологи, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, ном гарын авлагыг хүртээмжтэйгээр хангаж өгөөч. Бид дэлхийд өрсөлдөх чадварыг эзэмшмээр байна, бид амжилт гаргаж чадна.

Зөвлөгөөнөөс гарсан энэхүү уриалгуудыг бодитоор хэрэгжүүлэхэд бидний оролцоо, эерэг хандлага, зөв үлгэр дууриалал, хүн бүрийн хүчин чармайлт хамгаас чухал юм.