“Хүүхдийн оролцооны байгууллагуудын  үндэсний зөвлөгөөн-2018” боллоо.

Хүүхдийн эрхийн конвенцын үндсэн зарчмуудад тулгуурлан хүүхдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд өөрөө хэрхэн яаж оролцох, хүүхдэд нөлөөлөх аливаа асуудлаар бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог хангах зураглал боловсруулах, Хүүхдийн оролцооны байгууллагуудын сайн туршлага солилцох, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн-2018” зөвлөгөөн Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт 2018 оны 06 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, ХНХЯ-ны сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх,         ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга Тунгалагтамир, НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон 21 аймаг 9 дүүргийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын VII-IX ангийн 600 гаруй хүүхдийн төлөөлөл, Аймаг нийслэл, дүүргийн Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтнүүд, Аймаг нийслэл, дүүргийн Боловсрол Соёл Урлагийн газрын мэргэжилтнүүд болон төрийн бус байгууллагын үүрэг хүлээгчид оролцлоо.

Хүүхдийн оролцоог дэмжих үйл ажиллагаа Төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын байгууллага, Хүүхдийн өөрийн Удирдлагын байгууллагуудын түвшинд ямар байгааг тодорхойлох, цаашид хэрхэн сайжруулах, оролцоог дэмжих ямар үйл ажиллагаа шаардлагатай байгааг хэлэлцэж, Хүүхдийн оролцооны зураглалыг боловсруулахаар 1800 гаруй саналыг 600 төлөөлөгч хүүхдээс авлаа. Тус зөвлөгөөн нь олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд үүний нэг нь “Нутгийн захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл явцад–Хүүхдийн оролцоог хангах журмыг хэлэлцэн саналаа өгсөн. Энэхүү журам нь хүүхдийн оролцоог дэмжихэд чиглэгдсэн чухал баримт бичиг болон батлагдана гарна.

“Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн-2018” зөвлөгөөнөөс гарсан уриалгыг Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх-д гардуулан өглөө.