8d8e662069169715original

НОМЫН ЦАГААН БУЯН

Эжий минь номын дэлгүүрийн худалдагч хүн байсан. Тиймээс би багаасаа л номон дунд өссөн. Тунгалаг эрдэнийн судар бүтээх тунгаамал шижир, тунамал алмааз тансаг оюу , сувдын эрэлд хүүхэд ахуй тэр л үеэс гарсан минь ийм учиртай. Хожим хөдөө гадаа явсан ч байнга л ном цүндийтэл өвөртлөөд морддог сон. Номондоо шимтсээр, айлын сүрэгтэй хонины найр үүсгэж өндөр нагац ёнгоодоо шилбээ тас шилбүүрдүүлэн зугтсан минь ч цөөнгүй. Нэгэнтээ эмнэг үрээ сургаж, эмээлийнхээ ардуур хазгайлдсан шигээ исгэрч явтал унаа минь овоо цагааширсан шиг санагдав. Тэгэнгүүт өврөөсөө хэвнэг ном гарган ширээ, сандал дээр тухалсан мэт эмээлийнхээ бүүргэн дунд тавиад уншиж явтал гэнэт сүр сархийсэн салхинд хуудас нь сэрчигнээд явчихав. Хуудасны сэрчигнээнд явчихав. Хуудасны сэржигнээнд үргэсэн эмнэг шахуу үрээнийхээ буруу талын дөрөөнөөс гутлаа салгаж яадахгүй нэлээд явсны эцэст азаар хөл минь сугарч золоор амь мэнд гарсан билээ. Тухайн үедээ энэ бүтэлгүйтлээ хэнд ч хэлсэнгүй. Хожим эжийдээ энэ тухайгаа хэлбэл “ миний хүүг номын цагаан буян л аварч дээ” гэж инээмсэглэж байсан даа. Магадгүй, хог новшноос унаа мал минь үргэж бусгасан бол муу зүйл дайрах ч байсан юм бил үү, хэн мэдлээ дээ.